Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим асуудлын талаар мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Монголын хөрөнгийн биржийн хувьцаа гаргахтай холбоотой хуулийг өнгөрсөн онд баталсан. Энэ хуулиар ганц Хөрөнгийн бирж биш төрийн өмчид байгаа байгууллагын 34 хувь буюу хяналтын багцыг олон нийтийн хяналтад шилжүүлэхээр болсон. Энэ ажил амжилттай болсны дараа 66 хувийг олон нийтэд шилжүүлэх ёстой гэж Засгийн газраас үзэж байгаа. 2023 он бол төрийн өмчийг олон нийтийн хяналтад шилжүүлсэн он болно. Эрдэнэс Монгол компани байгуулагдаад 15 жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл үндсэн үүргээ хангалттай биелүүлж чадаагүй. Цэвэр менежментийн компани болж олон улсад болон дотооддоо хөрөнгө босгох, төслүүдээ амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах байсан. Цаашдаа “Эрдэнэс Монгол”-д уул уурхайн компаниудыг нэгтгэж, удирдлага менежментээр хангах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, Монгол Улсын Баялгийн санг бүрдүүлэх томоохон компани юм. “Эрдэнэс Монгол” компани 89 орон тоотой, 7 газар, 7 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулах үүрэг өгсөн. Одоо 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Нийт долоон газрыг 7 менежер удирдана. Нэгдүгээр сарын 2-16-нд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулна.
Ажлын байрны шаардлагад:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Гадаад хэлний нэг ба түүнээс дээш мэдлэгтэй байх
- Ахлах менежерийн шаардлага нь улсад найм болон түүнээс дээш жил ажилласан байх, менежер тав болон түүнээс дээш жил төрд ажилласан байх
- Бүртгүүлсэн хүмүүсээс хууль эрх зүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр тестийн шалгалт авна
- Эхний шатны шаардлагыг хангасан хүмүүстэй нүүр тулсан ярилцлага хийнэ.
Есөн хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулалтын комиссыг байгуулж, сонгон шалгаруулалтыг хийнэ.