Зуны цагийн тоололд шилжих эсэх асуудлаар яамдаас санал авч эхэлсэн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2023.03.20/ мэдээлсэн.
Тэрбээр, урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлттэй төдийгүй, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан хөдөлгөвөл гэдэг үүднээс санал авч байна. Маргааш эцсийн шийдвэр гарна гэсэн юм. Тэгвэл энэ санал асуулгад Сангийн яам дэмжиж байгааг илэрхийлсэн бол Боловсрол шинжлэх ухааны яам дэмжихгүй байгаагаа мэдэгдлээ.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Яамдууд энэ санал асуулгад гарч болох эрсдэл болон давуу талыг сайтар тооцож байж санал өгч, нэгдсэн шийдвэрт хүрэх хэрэгтэй гэж бодож байна. Цагийн тооллыг шилжүүлэх тухайд эдийн засгийн агуулгаар нь Сангийн яам дэмжсэн байр суурь илэрхийлсэн. Харин Боловсрол шинжлэх ухааны яамнаас сурагчдад ирэх ачаалал зэргийг харгалзаж сайдын хувьд эсэргүүцэж байгаа” гэлээ.