Замын хөдөлгөөн зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар сайд, түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга мэдээлэл өгөв.
Сайд Ж.Сүхбаатар “Замын хөдөлгөөн зохицуулалтын хувьд богино хугацаанд үр дүнд хүрч болохыг бид харсан. Олимпын гудамжны уулзвар, Зайсанд хийгдсэн зогсох хөдөлгөөн зохицуулалт түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулж байгаа. Зайсан-Яармаг чиглэлийн замын хөдөлгөөний нэвтрэх эрчмийг 37%-аар сайжруулсан үр дүн гарчихсан.
Цаашид Их тойруу, Бага тойруу, хотын төвийн замын хөдөлгөөнд томоохон хэмжээний туршилтын зохицуулалтууд наадмын дараа хийгдэнэ. Зайсан, Яармагийн замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтийн үр дүнгээс дутахгүй байх тооцоолол байгаа.
Үүнээс гадна эрх зүйн зохицуулалт, хуулийн төслийн асуудлууд яригдаж байна. Тухайлбал, нийслэл рүү эрхээ шилжүүлж байгаад түгжрэлийн бүс тогтоох, ямар зохицуулалт хийх асуудалд сайд нар байр сууриа нэгтгэх шаардлагатай учраас удааширч буй тал бий.
Нуулгүй хэлэхэд, хотын оршин суугчдын шүүмжлэлтэй тулгарах байдал бас байна. Гэхдээ дэлхийн бусад улс орны хандлагыг харахад оршин суугчдынхаа 60-70%-ийн эсэргүүцэлтэй тулдаг шийдлүүд байдаг юм байна. Тиймээс сайтар тооцоолно.
Дандаа зам барьж, хөдөлгөөний зохицуулалт хийгээд түгжрэлийг шийдэхгүй, эдийн засгийн механизмаар шийдэгдэх асуудал” хэмээн ярилаа.