Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас Монгол улсын эдийн засгийн төлөв байдлыг өнөөдөр танилцууллаа
АХБ-ны ахлах шинжээч С.Болд Монголын эдийн засгийн төлөв байдал, инфляцын талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувиар өссөн бөгөөд 2023 онд 5.4 хувиар, 2024 онд 6.1 хувиар өсөх төлөвтэй байна. Энэхүү өсөлтөд экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, тээвэр болон бусад салбар чухал нөлөө үзүүлнэ.
Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдахаас хамааран жилийн дундаж инфляцын түвшин 2023 онд 10.9 хувиар, 2024 онд 8.7 хувь болж буурахаар байгаа.
Гэвч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларч, дотоод эрэлт нэмэгдвэл төв банкны инфляцын зорилтот түвшин зургаан хувиас өндөр байх төсөөлөлтэй байна. Цаашдаа төсвийн зардлыг хумих нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих бөгөөд хувийн хэвшил шахагдах сөрөг нөлөөг багасгах юм.
Гадаад худалдаа тасалдах эрсдэл багасаж, тээврийн зардал буурахтай уялдан, үйлчилгээний дансны алдагдал, барааны экспорт нэмэгдэж төлбөрийн урсгал, дансны алдагдал буурна.
Эдийн засгийн төлөв байдлыг суурь төсөөллөөс бууруулж болзошгүй эрсдэл бий. Үүнд,
- Украин дахь Оросын Холбооны Улсын халдлагын улмаас эдийн засагт учруулж буй сөрөг нөлөөллүүд улам даамжрах,
- Цар тахлын вирусийн шинэ хувилбар үүсэх,
- Ашигт малтмалын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнэ огцом буурах,
- Дотоодод улс төрийн нөхцөл байдал муудах
- Нүүрсний оффтэйк гэрээнүүдийн төлбөрийн тэнцэл дэх сөрөг нөлөө нэмэгдэх зэрэг юм” хэмээн ярилаа.