Ардчилсан намын шинэчлэлийн түлхүүр болох намын даргын сунгаа орон нутагт
үргэлжилж байна. Өнөөдөр нэр дэвшигчид Өвөрхангай аймгийн гишүүд, дэмжигчидтэйгээ
уулзаж байна. Орон нутагт хийгдэж байгаа энэхүү уулзалтууд нь намын даргыг
нээлттэй, ил тод, эрх тэгш, ардчилсан зарчимаар сонгох хамгийн том компанит
ажил болж байгаа юм. Энэхүү сонгуульт ажил манай улсын түүхэнд урьд болж
байгаагүй юм.
Нэр дэвшигчид нь Ардчилсан намд удирдах ажил хийж байсан туршлага,
мэдлэгтэй, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан, улс төрд өөрийн хийсэн бүтээсэн
зам мөртэй, өөр өөрсдийн улс төрийн түүхтэй эрхмүүд учир Өвөрхангай аймгийн
Ардчилсан намын гишүүд, партизанууд нь хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.
Тэд хийх ажлын төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө танилцуулан иргэдтэйгээ
уулзаж байгаа нь энэ. Анхан шатны намын нэгжээс ирсэн нөхөд орон нутгийнхаа
байр байдлыг танилцуулан хамтран ажиллахаа мэдэгдэж, тус бүрийн мөрийн хөтөлбөрт
байгаа онцлог, хамгийн эхэнд хийх ажлын талаар санал бодлоо солилцож байна.
Намын даргын сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу таван уулзалт тутамд
сугалаагаар шодон мөрийн хөтөлбөрөө гишүүддээ танилцуулах дарааллыг тогтоож
байгаа. Өнөөдөр гурав дахь удаагийн шодолт болж Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Эрдэнэ,
Л.Гантөмөр, Н.Алтанхуяг гэсэн дарааллаар үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр
боллоо.
Энэ үеэр тэднийг хүндэтгэн Аймгийн
Ардчилсан намын дарга И.Мөнхжаргал хэлэхдээ: 2016 он аймгийн Ардчилсан намд илүү ихийг сануулсан, дотроо шинэчлэл
хийх ёстойг ойлгуулсан сонголтыг ард түмэн хийсэн. Манай намын гишүүд, нэр
дэвшигчдээс ирээдүйрүүгээ чиглэсэн асуулт асуун халуун яриа өрнүүлэн ярилцахыг
хүсч байна. Хамгийн ардчилсан зөв сонголт
хийхийг хүсье.
Мөн тэрээр нэр дэвшигчиддээ хүндэтгэл үзүүлэн алд цэнхэр хадаг, цагаан
идээг барин амжилт хүслээ. Ийнхүү яг одоо Өвөрхангай аймагт Ардчилсан намын
даргад нэр дэвшигчид уулзалтаа хийн,
халуун яриа өрнүүлж байна.