“Шувуу ажиллагаа”-г хийх аргачлал болон эрх зүйн орчны талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газраас 2023 оныг авлигын эсрэг жил хэмээн зарласан. Үүний хүрээнд таван “Ш” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Авлигатай тэмцэх газраас “Шувуу ажиллагаа”-г хийх аргачлал болон эрх зүйн орчны талаар дөрвөн чиг үүрэгтэй.
Нэгдүгээрт, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцууд. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод 189 орон, Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх Палермогийн конвенцод 191 улс нэгдсэн. Дээрх улс орнуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүйгээр харилцах боломжтой.
Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний асуудал юм. Үүнийг Засгийн газраас хэрэгжүүлээд явах боломж байгаа.
Гуравдугаарт, Оргон зайлсан этгээдүүдийн паспортыг хүчингүй болгох байдлаар бусад улс орон руу дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хаах, саатуулах боломж бүрдсэн.
Дөрөвдүгээрт, Цагаачлалын байгууллагуудтай хамтарч ажиллах” гэв.
Мөн өнөөдрийн Шувуу ажиллагааны талаар “Т.Бадамжунайг Филиппин улсын цагаачлалын товчооны гүйцэтгэх албатай хамтарч авч ирсэн. Цагаачлалын статус зөрчсөн гэх үндэслэлээр Филиппин улсын цагаачлалын товчооны тусгай алба саатуулан Монголын талд буцааж өгч байна.
Гэмт хэрэгт сэрдэгдэж гадаад улс орон руу оргон зайлсан асуудалд хүний эрхийг хамгаалж өмгөөлөгч оролцуулсан. Хэрэв тухайн улсын цагаачлалын хууль тогтоомжийг зөрчсөн бол олон сараар баривчлагдах эрсдэл байсан. Үүнийг албаны хүмүүс зохицуулаад Монгол Улс иргэнээ буцаан авчирлаа” хэмээн ярив.