Барилгын материалын үнэ ханш, чанарын талаар Барилгын хөгжлийн төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
“Монгол Улсын хэмжээнд импортолж буй барилгын материалын ихэнх хувийг БНХАУ, ОХУ-аас авдаг. Энэ жилийн барилгын олон улсын үзэсгэлэнд БНСУ, Итали, Турк, Казахстан улсын барилгын технологийг нэвтрүүлэхээр оролцуулж байна.
Барилгын материалын үнийн судалгааг 2-3 төрлөөр гаргадаг. Цар тахлын үед барилгын материалын үнэ өссөнөөс ААН-үүдэд дарамттай их байлаа.
Сайдын өгсөн тушаалын дагуу 890 нэр төрлийн барилгын материалын үнийн судалгааг гаргаж, ААН-үүдийн үнийн өсөлтийг мөн тооцож ажилласан.
Одоогийн байдлаар барилгын материалын үнэ харьцангуй тогтворжсон. Арматурын үнэ 12%-аар буурсан бол цементийн үнэ тогтвортой байна. Гэхдээ цар тахлын өмнөх үеийн үнэд хүрээгүй. Цаашид барилгын материалын үнэ буурах хандлагатай.
Барилга экспо үзэсгэлэнд БНХАУ болон бусад улсын барилгын материал үйлдвэрлэгчдийг оролцуулж байгаа. Ингэснээр барилгын материалыг үйлдвэрээс нь шууд авах боломжтой болж байгаа юм” хэмээн Барилгын Хөгжлийн Төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням мэдээллээ.
Барилгын материалын чанарын тухай тэрбээр “Барилгын чанарт анхаарч, шалгалт хийдэг. Сая арматурын шалгалтыг хийж багагүй зөрчил илрүүлсэн. Барилгын тухай хуульд зааснаар тохирлын гэрчилгээгээр барилгын материалын чанарыг тодорхойлдог. Тохирлын гэрчилгээ авах шаардлагыг дотоодын болон импортын бараанд тавьдаг” гэв.