УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Монгол Улсын үндсэн гадаад хэл англи хэл хэмээн хуулийн төсөлд заажээ. Үүнтэй холбогдуулан сүүлийн хоногт англи хэлийг хэддүгээр ангиас нь заах талаарх хэлэлцүүлэг нийгмийн цахим сүлжээнд хүчтэй өрнөж байна.
УИХ-ын гишүүд мөн адил энэ асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан монгол хүн бүр англи хэл сурах албатай юм уу хэмээн дургүйцлээ илэрхийлэв.
Мөн тэрбээр, Үндсэн гадаад хэл гэж юу вэ. Туслах гадаад хэл гэж бас байх уу. Баян-Өлгий аймагт үндсэн гадаад хэл нь монгол хэл байна гэх үү, англи хэл байна гэх үү. Хэл дагаж сэтгэлгээ явдаг. Багаас нь хүүхдүүдийн сэтгэлгээ харьчихна шүү дээ гэв.
Харин үүний хариуд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Заавал орос хэл сураад болж байсан даа. Дэлхий нийтийн эдийн засаг, шинжлэх ухаан, харилцаа холбоо англи хэл дээр явагддаг. Монгол залуучууд дэлхийд өрсөлдөх хэрэгтэй байна. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцэж буй хүүхдүүдийн талаар бахархаж ярьдаг мөртлөө. Учир шалтгааныг нь ярьдаггүй. Англи хэлтэй учир тэдгээр хүмүүс тэнцэж байна. Тийм учраас бид үндсэн хэлийг англи хэмээн зайлшгүй оруулж ирсэн. Бусад хэлийг судлах эрх нь нээлттэй шүү дээ” гэсэн хариултыг өглөө.