БНХАУ-ын иргэн А.Лхамжав /Lamuzhabu/ нь БНХАУ-ын Эрээн хотод байрлах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраас энгийн зэргийн, К2 буюу жуулчин ангиллын 30 хоногтой визийг авч, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд авто замын боомтоор Монгол Улсад орж ирсэн.
Улмаар “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад байх визийн хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 30 хүртэл хоногийн хугацаагаар сунгуулаад, Монгол Улсад байх визийн хугацаа дуусахаас хоёр хоногийн өмнө буюу 2023.05.03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд авто замын боомтоор Монгол Улсаас БНХАУ-руу гарах чиглэлд хил нэвтэрчээ.
Тухайн иргэн нь Монгол Улсад байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, визийн хугацаа хэтрүүлэх зэргээр ямар нэгэн зөрчилд холбогдоогүй учраас уг иргэнийг шалгасан, албадан гаргасан зүйл бол байхгүй гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.