Сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд тэргүүлж буй дэлхийн цөөн улс орнуудын нэг Испани өнгөрсөн долоо хоногт энэ чиглэлд томоохон амжилт гаргажээ.
Мягмар гарагт тус улс өглөөний 10 цагаас оройн 7 цаг хүртэл нийт 9 цагийн хугацаанд эрчим хүчний бүх хэрэглээгээ нар, салхи, усны эх үүсвэрээс бүрэн хангаж туршсан нь амжилттай болсон байна.
Ингэснээр Испани улсын хүлэмжийн хийн ялгаруулалт буурах үйл явцад бодитой дэвшил гарч буйг “El Pais” сонин онцолжээ.
Тус сонины мэдээлснээр нарны эх үүсвэрүүд өдрийн цагийн гол ачааллыг үүрсэн бол нар жаргасны дараа бусад эх үүсвэрүүд нөхөн ажилласан байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг чулуужсан түлшнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд рүү шилжих үйл явц түргэсэж байгаа.
Уламжлалт аргаар эрчим хүч үйлдвэрлэдэг байсан компаниудын түрүүч нь сэргээгдэх эх үүсвэр рүү шилжсэнээр ашигтай ажиллаж эхэлжээ.
Тухайлбал Данийн Орстед компани сүүлийн 20 жилийн турш эрчим хүч үйлдвэрлэх арга технологио уламжлалт хэлбэрээс сэргээгдэх эх үүсвэр рүү алгуур шилжүүлсний үр дүнд өнгөрсөн онд $2 тэрбумын ашигтай ажилласан байна. Одоо тус компанийн үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 90 хувь сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлэгддэг болжээ.
Эх сурвалж: Business Insider