ЭР-РИЯД, 2025 оны нэгдүгээр сарын 20 /unn/.
Их чадлын хуримтлуур бүхий сэргээгдэх эрчим хүчний дэлхий дээрх анхны байгууламжийг АНЭУ-д ашиглаж эхэлснийг тус улсын эрх баригчид мэдэгджээ. Энэхүү станц нь хэрэглэгчдийг цэвэр эрчим хүчээр 24 цагийн турш хангаж чадна гэж олон улсын “SolarQuarter” хэвлэл мэдээлсэн байна.
Энэхүү өвөрмөц, цоо шинэ төслийг АНЭУ-ын Аж үйлдвэр, дэвшилтэт технологийн сайд, “Masdar” компанийн тэргүүн, доктор Султан Аль Жабер, Хөрөнгө оруулалтын сайд, ADQ группийн гүйцэтгэх захирал Мохамед Хассан Аль Сувайди нар танилцуулжээ.
Өдөр шөнөгүй цэвэр эрчим хүчээр тасралтгүй хангаж чадахгүй байсан нь сүүлийн 10 жилд сэргээгдэх эрчим хүчний салбарт учирч байсан хамгийн том саад байсан гэдгийг доктор Аль Жабер тэмдэглэн хэллээ. Харин эл томоохон төслийг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчээр долоо хоногийн долоон өдөр, 24 цагийн турш тогтвортой хангадаг болж байгаа юм.
Мөн сэргээгдэх эрчим хүчийг урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээгээр буюу өдөр бүр 1 ГВт-ын эрчим хүч болгон хувиргадаг анхны станц болж байна. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний салбарт асар том үсрэлт хийлээ гэж тэрбээр онцолсон байна.
5.2 ГВт-ын хүчин чадалтай нарны станцыг цагт 19 ГВт эрчим хүчний багтаамжтай хуримтлууртай хослуулсан нь төслийн гол онцлог ажээ. Ийм технологийг ашигласнаар сэргээгдэх эрчим хүчний салбарын гол асуудал болох эрчим хүчний хангамж тасалдах эрсдлийг арилгана.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг