Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчийг Чэжү аралд хийсэн айлчлалынхаа үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган цагдаа нар баривчилжээ.
Монголын язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрийн хамт зочилсон албаныхныг тус арлын удирдлагууд хүндэтгэлтэй хүлээн авч уулзсан байна.
Мандал сумын орлогч даргад тоглолтын дараа Солонгосчууд амжилтын шагнал гардуулан өгсөн байна. Тэд үйл ажиллагаа дуусаад буудалдаа амрахдаа архидан согтуурч улмаар орлогч дарга орчуулагчаар ажиллаж байсан 20 гаруй насны монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаад байгаа талаар БНСУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох KBS мэдээллээ.
Тухайн үед хохирогч өрөөнөөсөө гарч буудлын ажилчдаас тусламж хүссэн бөгөөд тэр даруй цагдаа дуудсан байна.
Сэжигтэн нь өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Чежү арлын чуулганд айлчилсан Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Засаг даргын төлөөлөгчдийг мөн дагалдан явсан хүн юм. Тэрбээр үйлдвэрлэл, соёлын солилцоог өргөжүүлэхэд манлайлан оролцож байсан хүн хэмээн тус мэдээлэлд дурджээ.
Эх сурвалж: KBS