Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод долдугаар сарын 14-20-ны өдрүүдэд жюү жицүгийн насанд хүрэгчдийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Монголын жюү жицүгийн холбооноос үүнтэй холбогдуулан өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон холбооны бүтэц, зохион байгуулалтаа танилцуулав.
Тус арга хэмжээний үеэр Монголын жюү жүцүгийн холбооны удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгчөө танилцуулснаас ДАШТ-д хамтарч ажиллах “Мөнгөн”, “Хүрэл” түнш компани, байгууллагуудтай албан ёсоор хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
ОУЖЖХ-ноос 2022 оны дөрөвдүгээр сард 20 дахь удаагийн жюү жицүгийн ДАШТ-ийг манай оронд зохион байгуулах эрхийг өгсөн. “АНДЛАЛ, ХҮНДЛЭЛ, ХӨГЖИЛ” уриатай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй орны 1000 орчим шилдэг тамирчин насанд хүрэгчдээс гадна мастерс, пара ангилалд өрсөлдөнө.