Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын Тамгын газар үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэн Монгол Улсын гавьяат цол хүртсэн Р.Хатанбаатар, Ш.Ринчин нарыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын Тамгын газрын ахмад ажилтан Равдангийн Хатанбаатар Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Шарын Ринчин Монгол Улсын гавьяат эдийн засагч цолыг шинэ оны өмнөхөн хүртсэн. Эдгээр хүмүүс нь УИХ-ын Тамгын газраас төрсөн анхны гавьяатууд юм.
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажиллаж, гавьяагаа үнэлүүлсэн ахмад ажилтнуудаа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, эрүүл энх, сайн сайхан, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөлөө.