Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Удирдах зөвлөл 2017 оны 01-р сарын 05, 06-ны өдрүүдэд хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
МЧБХ-ны УЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сонгогдож, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо.
Монголын чөлөөт бөхийн холбооны УЗ-ийн даргад нэр дэвшсэн 3 нэр дэвшигчийн материалыг үзэж танилцсан УЗ-ийн гишүүд УЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн Долгорсүрэнгийн Сумъяабазарыг сонголоо. Д.Сумъяабазар нь 1974 оны 01-р сарын 07-ны өдөр УБ хотод төрсөн. Чөлөөт бөхийн ОУХМ. Чөлөөт бөхийн спортоор ОУХМ Н.Ганбаатарын удирдлаган дор 1988 оноос хойш хичээллэсэн. 1996, 2000 оны олимпийн наадамд оролцсон. Атланта-96 олимпийн наадмын Монголын багийн тугч. 1997 оны Зүүн Азийн наадмын аварга, 1998 оны Бангкогийн Азийн наадмын мөнгөн медальт. Монгол үндэсний бөхийн Аварга цолтой. Тэрээр 2003-2006 онуудад \”ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал, 2003 оноос ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн, 2006 – 2013 онуудад Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2009-2017 онуудад Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилласан. 2013, 2016 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Буяндэлгэрийн Батбаяр нь 1976 оны 12-р сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Чөлөөт Бөхийн ОУХМ. 1988 оноос ОУХМ Н.Ганбаатарын удирдлаган дор чөлөөт бөхөөр хичээллэж, 1997-2004 онуудад ҮШБ-т тамирчин, 2006-2008 онуудад Аварга Алтай клубт дасгалжуулагч, 2008-2009 онд Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, 2009-2012 онд үндэсний шигшээ багт дасгалжуулагч, 2013-2016 онуудад чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ҮШБ-н ахлах дасгалжуулагчаар ажилласан. Залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын 4 удаагийн аварга. Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт. 2014 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнагдсан.