Төрийн өмчит МИАТ компани орон нутгийн 9 чиглэлд 7 хоногт 1-3 удаа хямд үнээр нислэг үйлдэхээр болжээ. Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Орон нутгийн нислэгийг сэргээх бодлого амжилттай хэрэгжиж, үнэ тарифыг бууруулж байна. Орон нутагт ажиллаж байгаа ард, иргэдийгээ дэмжих, нөгөө талаас Монгол Улсад ирж байгаад гадаадын жуулчдад байгалийн үзэсгэлэнт газруудад аялах, амарч зугаалах бололцоог олгохоор орон нутгийн есөн чиглэлд хямд нислэг үйлдэх ажлыг эхлүүллээ.
Долдугаар 1-нээс эхлэн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн есөн чиглэлд долоо хоногт 1-3 удаа нислэг үйлдэнэ. Үнийн хувьд Баян-Өлгий аймаг руу нисэх тийз хоёр талдаа 1.7 сая төгрөгийн үнэтэй байсан бол хоёр талдаа 810-900 мянган төгрөг, нэг талдаа 405 мянгаас 450 мянга болж хямдарна.
Ховд аймаг хоёр талдаа 1.5 сая төгрөг байсан бол 810-902 мянга, нэг талдаа 400-451 мянга болж байгаа. Мөрөн рүү нэг нислэг 1.5 сая байсан бол хоёр талдаа 500-680 мянга болж тийзийн үнэ гурав дахин буурахаар боллоо.
Чойбалсан чиглэлд онгоц нисэхгүй байгаа. Ийшээ хоёр талдаа 540-620 мянга, нэг талдаа 260-310 мянга гэсэн үнэ, тарифаар долдугаар сарын 1-нээс МИАТ компани нислэг үйлдэж эхэлнэ. Тийзийн захиалга маргаашнаас эхэлнэ” гэв.