Хүннү Эйр компанийн “Хайкоу-Улаанбаатар” чиглэлийн энэ сарын 7-ны өдрийн нислэгээр зорчиж байсан иргэний биеийн байдал эрс муудаж, ухаан алджээ.
Агаарын хөлгийн нисэх багийн гишүүд, эмч нар анхны тусламж үзүүлэхийн зэрэгцээ нисгэгч нар хамгийн ойр байсан БНХАУ-ын Ухань хотын нисэх буудалтай холбогдож яаралтай буух зөвшөөрөл хүссэн байна.
Онгоц буухын өмнө БНХАУ дахь Хүннү Эйр компанийн төлөөлөгч нар иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж, зорчигчийг буух үед эмч нар тосон авч эмнэлэгт хүргэж, эрчимт эмчилгээнд оруулжээ.
Зорчигчийн биеийн байдал тогтворжиж хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр эх орондоо эсэн мэнд ирээд эмчилгээндээ орсон байна.












































































