Үндэсний статистикийн хорооноос энэ оны нэгдүгээр улирлын танилцуулга мэдээллийг гаргажээ. Уг танилцуулгад иргэдийн дундаж цалин 1.8 сая төгрөгт хүрснийг дурьджээ.
Өнгөрсөн бямба гарагт танилцуулсан энэ судалгаа өчигдрөөс эхлэн нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж эхэллээ. Иргэд 1.8 сая төгрөгийн цалинг хэн авч байгааг эрэн хайж байна. Тэгвэл статистикийн мэдээлэлд эмэгтэйчүүдийн дундаж цалин 1.6 сая төгрөг, эрэгтэйчүүдийнх ХОЁР сая төгрөг байгааг дурьджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 380 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 80.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн тооцоолол аж.
Сарын дундаж цалинг үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.6 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.1 сая төгрөг байна. Мөн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор 1.5 саяас 2.0 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 16.6 хувь, харин 3.0 саяас 3.5 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 3.5 хувь байна.