ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн удирдлагаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон. Энэ дунд ноцтой нэг асуудал байсан нь тус үйлдвэрт Засгийн газраас хяналт шалгалтын ажлын хэсэг оруулж нийт 2,6 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэдгийг тогтоожээ.
Гэтэл өнөөдрийг хүртэл эдгээр хохирол төлөгдөөгүй хэвээр байна.
Тус үйлдвэрийг концессын гэрээ нэрийн дор хувьчлан авсан Кью эс си компани нь санхүүгийн олон ноцтой зөрчлүүдийг үүсгэсэн байдаг.
Жишээлбэл, үйлдвэрийн нэрийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч, уг мөнгөө Кью эс си компани өөрийн данс руугаа шилжүүлсэн байна.
Энэ нь нийт 312,4 тэрбум төгрөг. Одоог хүртэл уг зээлийг эргэн төлөөгүй бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК нь төлөх шаардлага үүсжээ. Гэтэл уг зээлээр тус үйлдвэрт ямар ч дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй гэдгийг удирдлагууд нь мэдээлсэн юм.
312,4 тэрбум төгрөгийн зээлийг өөртөө огт ашиглаагүй Дарханы төмөрлөгийн үйлдвэр уг зээлийг төлөх үү эсвэл нэрийг нь барьж зээл авчихаад огт төлөлт хийгээгүй Кью эс си төлөх үү гэдэг асуудал хууль хяналтын байгууллагад хүлээгдэж байна.