/МОНЦАМЭ/. Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт 110 кВ-ын Хархорин-А, В Цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 ширхэг тулгуур байгалийн гамшиг болох дуу цахилгаантай аадар бороо, хүчтэй салхи шуурганы улмаас энэ сарын 26-ны өдрийн 15:44 цагт унасан.
Сэргээн босголтын ажиллагаанд Улаанбаатар, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн ЦДАШ-ын засварын 120 гаруй хүн 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй гарсан аваарыг богино хугацаанд засахаар шуурхай ажиллаж байна. Наад тал нь 3-5 хоног шаардагдах урьдчилсан тооцоо гарчээ.
Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь зэрэг 7 аймгийн 62 сумын цахилгаан тасарсан байна.
Архангай аймагт ундны усны нэг эх үүсвэр байдаг ба тог тасарсантай холбоотойгоор ус шахагч генератор шатаж, аймгийн төв Эрдэнэбулган сумын иргэдийн ундны хэрэглээг хязгаарлах тухай ус сувгийн байгууллагаас мэдэгдлээ.
“Ар Ус Ундарга” ХХК-ийн ажилтнууд генераторыг засахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Хурдан хугацаанд засаж дуусвал ус таслахгүй, удааширвал ундны ус тасрахыг байгууллагын оператор хэлж байна.
Ус тасарвал иргэдийг Ганц модны болон Хоёр модны, Жамганы булаг, Урд тамирын голоосоо усаа тээвэрлэхийг зөвлөж байгаа юм.