Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ.
Тэрбээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо.
2023 оны зургаадугаар сарын 26-нaaс долдугаар сарын 1-нд үргэлжлэх айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи нарт тус тус бараалхана.
Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо зохион байгуулагдах Шинэ манлайлагчдын 2023 оны ээлжит чуулга уулзалт буюу “Зуны Давос” олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Ерөнхий сайдын энэ удаагийн албан ёсны айлчлал чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын Ерөнхий сайдЛ.Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Жан Мушин нар үдэн мордуулав.