Үндэсний урлагийн их театр долдугаар сарын 10-11-нд жуулчид, наадамчдад зориулж “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар мэдээлэл өгөхөөр Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Дуурь бүжгийн эрдмийн театрт хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар “Үндэсний урлагийн их театр манай улсад ирдэг жуулчдад үндэсний соёл уламжлалаа үзүүлдэг. Манай театрын уран бүтээлчид 78 жилийн түүхэндээ улсынхаа соёл урлагийг Дэлхийд хүргэх чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Тиймээс Үндэсний их театрын урын санд буй бүтээлүүдийг нэгэн зэрэг үзэж, сонсож, баясах боломжийг олгож байна.
Наадмын орой жуулчид, үзэгчдэд үзүүлэх үзүүлбэр тоглолтууд цөөхөн байдаг. Тиймээс долдугаар сарын 10,11-ний 20:00 цагаас үндэсний өв уламжлалаа харуулсан “Монголын сайхан орон” тоглолт зохион байгуулахаар болсон юм. Үүнд:
- Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дуучдын “Ардын дуу мину” тоглолт Үндэсний урлагийн их театрын тайзнаа долдугаар сарын 10-нд 20:00 цагт
- Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа долдугаар сарын 11-нд 20:00 цагаас
- Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрлын “Наадмын үдэш” тоглолт Үндэсний урлагийн их театрын тайзнаа долдугаар сарын 11-нд 20:00 цагаас тоглогдоно.
“Ардын дуу мину” тоглолтод Үндэсний урлагийн их театрын бүх уран бүтээлчид оролцоно. Ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд ажиллаж манай улсын олон ястны дууг түүвэрлэн хүргэх юм.
“Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтын найруулагчаар Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Х.Хашхүү ажиллаж Монголын алдартай бүжгүүдийг тайзнаа тоглуулна.
Үндэсний их найрал хөгжмийн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар удирдаач Н.Буянбаатар миний бие ажиллаж, хорьдугаар зууны сор болсон хөгжмийн зохиолчдын бүтээлээс толилуулах юм. Мөн язгуур урлагийн төрлийн хөгжмийн зэмсгийн аялгууг хүргэнэ” хэмээн ярилаа.