Нийслэлд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга долдугаар сарын 5-8-ны хооронд төвийн зургаан дүүргийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх захирамж гаргасан.
Гэвч өдгөө эрсдэл төдийлөн буураагүй тул Нийслэлийн Засаг дарга дахин захирамж гаргаж, төвийн зургаан дүүрэг дэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 11-ний 00:00 цаг хүртэл сунгалаа.
Захирамжаар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал
- Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, үерийн хор уршгийг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах,
- Халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламж, унд, ахуйн хэрэглээний усны аюулгүй байдлыг хангах, эрсдэлтэй орчныг халдваргүйжүүлэх,
- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар олон нийтэд үнэн, зөв мэдээллийг шуурхай хүргэх,
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болгов.
Түүнчлэн үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийхээр боллоо.
Учирсан хохирлыг тогтоох, хэрэгцээний үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, НЗДТГ-ын даргаар ахлуулав. Тус Ажлын хэсэг Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журамд заасан хугацаанд багтаан дүн мэдээг Нийслэлийн онцгой комисст ирүүлэх юм.
Мөн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, хэрэгцээний үнэлгээ хийх үүрэг бүхий Дэд ажлын хэсэг байгуулж, ажиллуулахыг холбогдох дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
Ингэснээр үерийн хохирлыг бодитоор тогтоох нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс