Сэлэнгэ аймгийн ойн болон усан сан бүхий 6.2 га газарт хууль бусаар хөрс хуулалт хийсэн хэргийг илрүүлсэн байна.
Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр, Баянгол суманд долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд завьт болон машинаар эргүүл, хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад дараах зөрчил илэрсэн аж. Тодруулбал:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын хоёрдугаар багт байрлах ойн болон усан сан бүхий “Монгол алт” гэх газарт бичил уурхай эрхлэгч хоёр ААН нь 14 ажилтантай,
- Ерөө сумын гуравдугаар багийн Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хавчиргана” гэх газарт нэг иргэн 12 ажилтантай, 14 экскаватор, найман ширхэг алт угаах төхөөрөмж, нэг ковш, таван монгол гэр, дөрвөн зөөврийн сууц зэрэг техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ.
Алба хаагчид тухайн гэмт үйлдлийг таслан зогсоож, техник хэрэгслийг лацдаж, тэдний олборлосон алт, үнэт металлыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Уг хэргийг шалгах явцад дөрвөн бүлэг 16 этгээд ойн болон усан сан бүхий 6.2 га газарт хөрс хуулалт хийж, хууль бусаар газрын хэвлийд халдсан нь тогтоогджээ.