Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн М нь “Ган үзэгтэн” ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан илт худал мэдээ, мэдээллийг олон нийтийн хэрэгсэл ашиглан тараасан болохыг тогтоож, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга хийх, уучлал гуйхыг даалгаж, худал мэдээлэл тарааснаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүх 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулахаар хариуцагч “Ган үзэгтэн” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд/-ийг шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирэхийг мэдэгдсэн “Шүүхэд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэхэд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Ган үзэгтэн” ХХК-ийн ажилтан н.Шүрэнцэцэг нь шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээж авсан.
Ийнхүү хариуцагч “Ган үзэгтэн” ХХК нь шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч шүүхэд ирээгүй байна.
Нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хариуцагчийг албадан ирүүлэх тухай хүсэлтийг гаргасан.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д зааснаар мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хариуцагч “Ган үзэгтэн” ХХК хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 11451 дугаартай “Хариуцагчийг албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамжийг гаргаж 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2783 дугаартай албан бичгээр захирамжийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна.
Шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага “Ган үзэгтэн” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Н.Өнөрцэцэг/-ийг албадан ирүүлэхээр очсон байна.
СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР