Саппорогоос Москва хорооллын гүүр хүртэлх замын тохижилтыг эхлүүлэхээр холбогдох албаныхан ажиллаж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Саппорогоос Москва хорооллын гүүр хүртэл 2020 онд дулааны найман а, б магистраль шугамыг өргөтгөж, шинэчлэх ажлын хийсэн байдаг. Гэвч үүний дараа тохижилт хийгдээгүй. Улмаар энэ орчимд амьдардаг оршин суугчдын зорчих эрх зөрчигдөж байна. Тиймээс шаардлагатай арга хэмжээг авч удахгүй тохижилтыг эхлүүлнэ” хэмээн өмнө нь хэлж байв.
Тэгвэл энэхүү тохижилт, зам засварын ажлыг эхлүүлэхээр болжээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Саппорогоос Москва хорооллын гүүр хүртэлх явган хүний замын тохижилтыг хийхээр Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа, тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон холбогдох байгууллагуудын төлөөлөл газар дээр нь ажиллаж байгаа юм.
Энэ талаар “Улаанбаатар хотын хэмжээнд зам засвар, тохижилтын ажил үргэлжилж байна.
Тухайлбал Саппорогийн замын дулааны магистраль шугамыг өмнө нь өргөтгөн шинэчилсэн. Гэвч нөхөн сэргээлтийн ажил хангалтгүй байсан. Тиймээс тодорхой зураг төслийн дагуу авто зам, дугуйн зам, явган хүний замыг засаж, ногоон байгууламжийн тохижилт хийгдэх ёстой.
Тохижуулах ажлыг энэ жилээс эхлүүлж байна. Замын хөгжлийн газар, Захирагчийн ажлын алба болон тухайн дүүрэгтэйгээ хамтран явуулах шаардлагатай” хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэлэв.