Амьсгалын замын өвчлөл ихсэхийн хэрээр эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэж, ихэнх тасгуудын ор хүрэлцэхгүй болоод буй энэ хүнд үед Залуу дипломатчдын клуб, \”БТТ Инженеринг” ХХК-тай хамтран Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлгийн ор хандивлан өглөө.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн өмнө тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн боломжоор хувь нэмрээ оруулах, хүмүүнлэг, сайн сайхны төлөөх үйлст оролцохыг Залуу дипломатчдын клубээс уриалж бана.
Нийгмийн сайн сайхны төлөө аливаа арга хэмжээг санаачлан зохион байгуулах, энэ чиглэлээр бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ клубын тэргүүн Э.Одмөнх хандивын арга хэмжээний үеэр хэлсэн юм. Тус клуб нь Гадаад харилцааны яамны залуу дипломат ажилтнуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурлан 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд, Монгол Улсын дипломат албыг дотоод, гадаадад сурталчлан таниулах, залуу дипломат болон тус албанд бэлтгэгдэж буй оюутан залуусын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, монголын залуу дипломатчид болон Монгол Улсад суугаа дипломат корпусын залуу дипломатчдын хоорондын харилцаа холбоог үүсгэх зорилготой.
Эх сурвалж: mohs.mn