Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл VII сарын эцсийн байдлаар 6.9 их наяд төгрөг давж, өмнөх сараас 0.3 хувиар өсжээ.
Есдүгээр сарын нэгнээс эхлэн арилжааны банкнууд ипотекийн зээл олголтыг хэвийн үргэлжлүүлж буйг Монголбанк мэдээллээ.
2023 оны хоёрдугаар хагасаас Монголбанк ипотекийн хөтөлбөрөөс гарах зорилтын хүрээнд Засгийн газар, Төв банкны хамтарсан ажлын хэсэг гарч хэд хэдэн хувилбар дэвшүүлсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм.
Тиймээс дээрх хөтөлбөрийг хууль эрх зүйн хүрээнд шийдэгдэх хүртэл Монголбанк эх үүсвэрийг нь шийдвэрлээд явах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ.
Долоодугаар сарын нэгнээс наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд арилжааны банкнууд зургаан хувийн хүүтэй ипотекийн хөтөлбөрийн хүрээнд 35 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэр гаргаад байсан ч санхүүжилт тодорхойгүй байсан тул түр хугацаанд зогсоод байсан юм.
Долоодугаар сарын эцсийн байдлаар банк, санхүүгийн системийн хэмжээнд орон сууцны зээлийн үлдэгдэл 6.9 их наядаар хэмжигдэж буйгаас 3.6 их наяд төгрөг нь Монголбанк арилжааны банкнуудтай хамтран хэрэгжүүлсэн бага хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр байна.