Энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх М.Бадарч допинг хэрэглэсэн гэх асуудлаараа нийгмийн сүлжээндээ мэдэгдэл хийсэн.
Тэгвэл ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг уг мэдэгдэлтэй холбогдуулан нийгмийн сүлжээндээ ” Мэдэгдэл гэдэг зүйлийг сая л харлаа. Допингийн шинжилгээг ХЗДХЯ авдаггүй, шинжилгээний хариу ч тус яаманд шинжилгээ хийсэн лабораториос шууд ирдэггүй. Допингийн эсрэг үндэсний төв сорьцыг авч, холбогдох олон улсын лабораториос тус төвд ирсэн шинжилгээний хариуг журамд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороо болох Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлдэг бөгөөд салбар хороо тухайн бөх болон олон нийтэд мэдээлдэг болно.
Допингийн шинжилгээ авах үйл явц болон хүргэх үйл ажиллагаанд энэ жил тасралтгүй хууль хяналтын байгууллага хяналт тавьсан.
Баримт байвал гаргаж ирээд харуулах хэрэгтэй, ховоор бас зохиож олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй болов уу. Хууль тогтоомжийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдыг баримтгүйгээр ташаа мэдээлэл тараах замаар өөрийн хариуцлагагүй байдлаа бусдад нялзааж гэмгүй царайлмааргүй байна. Ичсэн, бантсан хүн юу гэдэг билээ ийм зүйл болж байна. Өөр юу ч гэхэв дээ нээрээ, харамсалтай байна.
“Б” сорьцын хариу албан ёсоор ирсний дараа хууль тогтоомж, холбогдох дүрэм, журамд заасны дагуу олон нийтэд мэдээлэх бөгөөд шаардлагатай холбогдох арга хэмжээг авна аа.
Цаашид наадмын бөхийн барилдаанд шөвгөрч цол хүртсэн бөхөд батламж олгож, допингийн шинжилгээний хариу ирсэний дараа цол олгуулах саналаа Ерөнхийлөгчид уламжилдаг байх шаардлагатай болов уу даа” хэмээн бичжээ.