Тус хуралдаанаар Ази, Европыг холбосон орчин цагийн Торгоны замыг хөгжүүлэхэд чиглэсэн улс төрийн хүчин чармайлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь хоёр бүс нутгийн эдийн засгийн өсөлт, интеграцчлалд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцлээ. Тэр дундаа Торгоны замыг дагаад хөгжих үйлдвэрлэл, цахим эдийн засаг, худалдаа, мөн эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг онцлон ярилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Торгоны замын төслүүдэд байгаль орчны буюу ногоон технологи ашиглахад түлхүү анхаарах ёстой гээд Азиас Европ хүрдэг галт тэргэнүүд сэргээгдэх эрчим хүчээр явдаг байх талаар одооноос анхаарах хэрэгтэйг онцолсон.
Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ: \”Өнгөрсөн 2016 онд Монгол улсын Ерөнхийлөгч миний бие болоод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гурван талт уулзалт хийж чухал хэлэлцээр байгуулсан. Энэ нь гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах тухай юм. Та бүхэн мэдэж байгаа Монгол улс бол ОХУ болон БНХАУ гэсэн агуу хоёр хөршийн дунд оршдог улс. Монгол бол асар уудам газар нутагтай, нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай. Харин байгалийн нөөцөөрөө дэлхийн эхний аравт багтах баялагтай.
Өнгөрсөн онд Монгол улс АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан. Дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн энэ уулзалтад ирж оролцлоо. Энэ уулзалтын төгсгөлд бид Улаанбаатарын тунхаг бичгийг гаргасан. Энэ тунхагт бичигт туссан нэг гол сэдэв Торгоны замаар дамжуулан харилцан холбогдох тухай байлаа. Мэдээж Монгол улс энэ том төсөлд оролцох том төлөвлөгөөтэй. Түүхэн улбаагаа авч үзвэл Монгол бол Торгоны замыг үүсгэн байгуулагчийн нэг. Ази-Европыг холбосон чөлөөт худалдааны эх суурь Монголын эзэнт гүрний үед тавигдаж байсан. Та бүхэн мэдэж байгаа Монгол бол эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, энэ гүрнийг Чингис, Хубилай хаад удирдаж байсан. Тиймээс Монголгүйгээр Торгоны зам байхгүй гэсэн үг.Тиймээс Торгоны замд оролцох нь Монголын том амбиц юм” гэлээ.