“Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн мэдэлд авснаар анх удаа энэ онд 1.8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ.
2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.
““Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн мэдэлд авснаар анх удаа энэ онд 1.8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Мөн нүүрсний худалдааг цахимжуулж, үнийг ил тод болгосноор валютын нөөц өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар болсон нь төсвийн орлого давахад нөлөөлсөн” гэж Ерөнхий сайд онцлов.
2023 оны наймдугаар сарын эцсийн байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 14.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.2 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн хороо мэдээлсэн юм.
Хэдийгээр 2023 оны эхний найман сард төсвийн тэнцэл өмнөх оны мөн үеэс хоёр дахин ашигтай гарсан ч аравдугаар сараас Төрийн зарим албан хаагчдын цалин нэмэгдэж буй тул төсвийн тэлэлт үргэлжлэхээр байна. Тиймээс төсвийн орлого нэмэгдсэн ч түүнийг зохистой захиран зарцуулах макро эдийн засгийн тогтвортой бодлого хэрэгтэйг эдийн засагчид анхааруулж байна.