Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ипотекийн зээлийн талаар байнгын хорооны гишүүдийн асуултад хариулт өгөв.
Тэрбээр “Өнгөрсөн онд ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх үүргийг УИХ-аас Монголбанканд өгсөн. Барилга хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гараад шилжүүлж авахаар болсон.
Гэвч өнгөрсөн долдугаар сарын 1-нд шилжүүлж авч чадахгүйгээ мэдэгдсэн. Монголбанк ипотекийн зээлийг 2013 оноос хойш хэрэгжүүлж 3.6 их наядын эх үүсвэр гаргасан. Засгийн газар хүлээж авахгүй гэсэн учраас одоохондоо Монголбанк хадгалаад явж байна.
Засгийн газар Үндэсний ипотекийн корпорац гэх агентлаг байгуулахаар ажиллаж байгаа. Тус агентлаг байгуулагдах хүртэл Монголбанканд харьяалуулахаас сонголтгүй болсон.
Жилдээ 600 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарч байвал орон сууцны хөтөлбөр хэвийн хадгалагдах ёстой. 600 орчим тэрбум төгрөгөөс 350 орчим нь эргэн төлөгддөг. Тэгэхээр үлдсэн 250 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа.
Үүнийг Монголбанкнаас гаргаж чадахгүй бол Дэлхийн банк, Нийгмийн даатгалын сангаас гаргуулахаар ажлын хэсэг судалж байна” хэмээн ярив.