Японд цаг уурын мэдээллийг 1898 оноос эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн халуун есдүгээр сар тохиож, сүүлийн гурван сар дараалан агаарын температурын хамгийн дээд үзүүлэлт бүртгэгдсэн тухай тус улсын Цаг уурын агентлаг даваа гарагт мэдээлжээ.
Тодруулбал, есдүгээр сарын дундаж температур 1991-2020 оны дунджаас 2.66 хэмээр халуун байсан нь 2012 онд бүртгэгдэж байсан өмнөх дээд үзүүлэлтийг эвдсэн байна. 2012 онд олон жилийн дунджаас 1.51 хэмээр халуун байжээ.
Цаг уурын агентлагийн мэдээлснээр, хаврын гурван сар буюу 3, 4, 5 дугаар сар, мөн зуны 6, 7, 8 дугаар сар ч мөн хамгийн халуун сарууд болж тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд ирэх өвлөөс хоёрдугаар сар хүртэл агаарын температур өндөр байх төлөвтэй байна. “Температур ингэж өссөнд бид итгэж чадахгүй байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс гадна олон хүчин зүйл давхцсанаар ийм өндөр үзүүлэлтэд хүрсэн” гэж тус агентлагийн төлөөлөгч хэлэв.
Есдүгээр сард улсын хэмжээнд нийт 914 ажиглалтын цэгийн 385-д нь 35 хэм ба түүнээс дээш температур бүртгэгдсэн нь 2020 онд 485 цэгт ийм өндөр температур бүртгэгдэж байсны дараа хоёрдугаарт орох үзүүлэлт болжээ. Мөн Япон тэнгисийн гадаргын температур тухайн сард дунджаас 1.6 хэмээр дээгүүр байсан нь 1982 оноос бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Энэ жил дэлхий даяар аагим халуун байсан билээ. АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэх судлах төвөөс /НАСА/ энэ сарын эхээр мэдээлснээр, 6-8 дугаар сар хүртэлх гурван сарын дэлхийн дундаж температур 1880 оноос ийм мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн халуун байжээ.