Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр Хотын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудал яригджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар хууль зүйн сайд Х.Нямбаатарыг томилох шийдвэр гаргаснаа танилцуулсан байна.
Одоо МАН-ын Удирдах Зөвлөл 12:00 цагаас хуралдаж, нэр дэвшигчийн талаар хэлэлцсэний дараа НИТХ мөн хуралдаж, шийдвэрээ гаргана. Үүний дараа Хотын даргыг томилох Ерөнхий сайдын захирамж гарах хуулийн зохицуулалттай.
Хотын дарга Д.Сумъяабазар энэ сарын 2-нд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгөөд байгаа билээ. Тэрбээр “Шийдвэрт маань улс төрийн нөлөө, дарамт шахалт огт байхгүй. Ёс зүйгээ баримтлаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна” хэмээн нийтэд мэдээлсэн юм.
Хэрэв Х.Нямбаатар Хотын даргаар томилогдвол Хууль зүйн сайдын томилгооны асуудал яригдах учиртай. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж магадгүй тухай мэдээлэл ч гараад байна.