Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцсон Солонгосын иргэд эрүүгийн гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завджээ.
Нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан юм. Солонгосын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр цагдан хорьжээ.
Тодруулбал таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Санамж: "Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно" хэмээн БЗД, СБД, ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.