Ираны ёс суртахууны цагдаа нар Исламын хувцаслалтын дүрмийг дагаж мөрдөөгүй хэмээн Тегераны метроны буудалд 16 настай охин Армита Гераван саатуулж, улмаар биед нь халджээ. Биедээ хүнд гэмтэл авсны улмаас Армита охин комд орсон хэмээн ВВС мэдээллээ.
Хүний эрхийг хамгаалах Hengaw байгууллагын мэдээлснээр тус хэрэг аравдугаар сарын 3-ны ням гарагт болсон байна. Охиныг олон нийтийн газар буюу метроны буудалд толгойдоо алчуур өмсөлгүй явсан гэж зогсоож, даруй толгойн алчуур буюу хижав өмсөхийг ёс суртахууны цагдаа нар түүнээс шаарджээ. Охин татгалзсаны дараа цагдаа нар түүнд харгис хэрцгийгээр хүч хэрэглэсний улмаас ойролцоох цэргийн эмнэлэгт хүргэгджээ.
Эрх баригчид цагдаа нар охины биед халдаж, гэмтэл учруулсан гэдгийг эрс няцааж байгаа хэдий ч Ройтерс агентлагийн мэдээлснээр, Армита хоёр найзын хамт галт тэрэгний зүг алхаж байхад цагдаа нар түүнийг зогсоож, улмаар биед нь халдсан үйлдэл камерын бичлэгт бичигдсэн байна.
Ираны хүний эрхийн идэвхтнүүд “Бид энэ хэргийг анхааралтай ажиглаж байна, охин сэхээн амьдруулах тасагт ухаангүй байгаа” гэж мэдээлжээ. Эрх баригчид охины эцэг эхийг олон нийтийн сүлжээнд Армитагийн зургийг нийтлэх, хүний эрхийн төлөө тэмцэгчидтэй харилцахыг хориглосон гэж өөр нэг идэвхтэн хэлэв.
Учир нь эрх баригчид Армита Геравандын хэрэг өнгөрсөн онд амиа алдсан Махса Амини кейстэй адил олон нийтийн дунд эсэргүүцлийн жагсаал дагуулж болзошгүй гэж эмээж байгаа бололтой.
Эргэн сануулахад өнгөрсөн 2022 онд 22 настай Махса Аминаг ёс суртахууны цагдаа нар буруу зангидсан алчуураас нь болон баривчилж, бүсгүй цагдаагийн газар амь үрэгдсэн. Эрх баригчид цагдаа нар түүний үхэлд буруугүй хэмээн үгүйсгэдэг ч бүсгүй зодуулснаас болон амиа алдсан гэж олон ийт үздэг. Үүний дараа Иран даяар хижаб буюу эмэгтэйчүүдийн толгойн өмсгөлийг эсэргүүцсэн тэмцэл хагас жил гаруй хугацаанд үргэлжилсэн билээ.
Эх сурвалж: ВВС