АНУ-тай хэлэлцээ хийж буй Ираны төлөөлөгч АНУ, Израилын талууд гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Ормузын хоолойг нээх боломжгүй гэж мэдэгдлээ.
Тодруулбал тэрбээр АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлт нь дэлхийн эдийн засгийг “барьцаалсан” үйлдэл бөгөөд Израилыг бүх фронтод дайн өдөөж байна гэжээ.
Ираны ерөнхийлөгч яриа хэлэлцээ хийхэд нээлттэй ч амлалтаа зөрчих, бүслэлт, заналхийлэл нь хэлэлцээнд саад учруулна гэдгийг онцлов.
Энэ долоо хоногийн мягмар гарагт талууд Пакистанд хоёр дахь яриа хэлэлцээг эхлүүлэх төлөвтэй байсан ч хийгээгүй. АНУ-ын дэд ерөнхийлөгч төлөөлөгчдийг удирдан Пакистан руу явах байсан ч одоог хүртэл Вашингтонд байгаа гэх мэдээлэл бий.
Талуудын анх байгуулсан гал зогсоох тохиролцоо лхагва гаргаар дуусгавар болох байсан. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай яриа хэлэлцээ хийх хүртэл энэ хугацааг сунгаж буйгаа мэдэгдсэн.
Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ “Гал зогсоох тохиролцоог тодорхой заасан хугацаагүйгээр сунгаж буй бөгөөд ерөнхийлөгч Ираны эсрэг хэрэгжүүлж буй цэргийн бүслэлтэд сэтгэл хангалуун байгаа” гэжээ.
Түүнчлэн “Бүх хөзөр Трампын гарт байгаа бөгөөд дайныг хэзээ дуусгахыг Трамп л шийднэ” гэсэн байна.
Лхагва гаргийн өглөө Ираны талаас Ормузын хоолойд зөвшөөрөлгүй нэвтэрсэн ачааны хоёр хөлгийг саатуулсан гэдгээ мэдэгдсэн.
Ираны хувьсгалт гвардаас хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авахаа анхааруулжээ.
Эх сурвалж: ВВС










































































