Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг.
Гэвч сүүлийн жилүүдэд өндөр амжилт үзүүлсэн бөхчүүдийн зарим нь шинжилгээнд бүдэрч, сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь илэрч буй. Үүний улмаас гарч буй асуудал ч их байгаа юм.
Иймд үндэсний бөхтэй холбоотой энэ асуудлыг нэг мөр эцэслэн шийдэх ёстой гэж Засгийн газар үзэж байгааг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдээд “Үүнийг ард түмэнтэйгээ хамт шийднэ. Энэ бол үндэсний спорт. Ард түмэн үндэсний бөхөө харж баярлаж, цэнгэдэг тул санал бодлыг нь харгалзаж байж, цаашид үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах уу, үгүй юу гэдгийг шийднэ. Мөн допингийн эсрэг үндэсний байгууллага, үндэсний бөхийн холбоо, бусад мэргэжлийн байгууллагыг оролцуулна” гэлээ.