УИХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн түгжрэлийг бууруулах хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хотын дарга Х.Нямбаатар боловсруулж, бүлгийн хуралд танилцуулсан. Түгжрэлийг бууруулах олон арга хэмжээний талаар хуульд тусгасан байна. Төлбөртэй бүс, зогсоол, татвар, хураамж, гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг хэлэлцээд олон талаас нь хандах ёстой гэж гишүүд үзсэн. МАН-ын бүлэг түгжрэлийг бууруулах төслүүдийг дэмжсэн. Харин татвартай холбоотой хуулийн өөрчлөлтийг нухацтай үзэх нь чухал гэж үзсэн.
НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжсэн. Зохион байгуулагчид хуулийн төслөө санаачлан УИХ-аар оруулах шаардлагатай. Хэрэв ирэх оны төсөв батлагдвал 2025 оноос хэрэгжих журамтай.
D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийн журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Ямар ч хуулийн төсөл дээр иргэдээс санал авч болно. Гэхдээ татварын хууль болон эрүүгийн тухай хууль дээр иргэдээс санал авч, өөрчлөлт хийх нь буруу жишиг гэж үзэж байгаа. Гишүүдийг эрүүгийн болон татварын хууль санаачлахыг хориглодог. Тиймээс энэ асуудал олон нийтийн санал дээр явдаг асуудал биш гэв.