БНХАУ-ын Ханжоу хотноо дөрөв дэх өдрөө болж буй Азийн зуны спортын пара наадмын жүдо бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд хүч үзсэн Монголын тамирчин, Азийн аварга Д.Ганбат шигшээ барилдаанд Казахстаны бөхийг цэвэр ялснаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.
Тэрбээр “Ханжоу-2022” Азийн пара наадмын Монголын багийн хоёр дахь алт, зургаа дахь медалийг эх орондоо авчирлаа.
Д.Ганбат нь Азийн наадамд хамгийн олон оролцсон монгол тамирчин бөгөөд Азийн наадмын иж бүрдэл (өмнө нь “Гуанжоу-2010”-аас мөнгө, “Инчёон-2014”-өөс хүрэл) медальтай анхны тамирчин болж байна.
Түүнчлэн Азийн наадмын Монголын жүдо бөхийн 20 дахь медальтан болов.