Засгийн газрын өнөөдрийн /2023.11.01/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид томилогдон ажилласан Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын тайланг сонслоо. Хийсэн ажлыг нь өндрөөр үнэлж, ач холбогдлыг нь улам баталгаажуулж, олон улсын жишигт нийцсэн удирдлага, гүйцэтгэх засаглалын бүтцийг нь шинэ түвшинд гаргах шаардлагатай байна гэж үзэн хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 26-нд БЭТ-ийг дахин томилж ажиллуулах нь зөв гэж шийдвэрлэлээ.
Тэр хүртэлх хугацаанд БЭТ-ийн санал болгосны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах, ТУЗ-ийн шийдвэрийг өнөөдөр сонслоо. Засгийн газрын хуралдаанаар БЭТ-ийг дахин томилно.
Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Засгийн газрын зүгээс процессын дахин инженерчлэлийн загварыг бий болгох ажлыг 2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр шийдвэр гаргаж, ажлыг эхлүүлсэн. Таван сарын хугацаанд ажилласан баг амжилттай ажилласан үр дүнгээ танилцууллаа. Төр үйлчилгээний байгууллага шиг иргэндээ хүрч ажиллах тогтолцооны өөрчлөлтийг хийнэ. Иргэнд олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөр, халамж, нийгмийн даатгалын цэгүүдийг сонгон авч, иргэдэд үйлчилнэ. Нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, энэ салбар дахь эрсдэлийг тооцсон. Энэ салбарт 1900 гаруй төрлийн эрсдэл байна. Жишээлбэл, хүнд суртал, авлига гэх мэт. Хүн төвтэй үйлчилгээг үзүүлснээр төрийн үйлчилгээ бодитой болох юм гэв.