Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг УИХ-д танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдлаа. Уг түр хороо нь нүүрсний гэх хэргийн асуудлыг хянан шалгах үүрэгтэй ажиллаж байгаад бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр даргаар нь ажиллаж байгаа юм.
Түр хорооны хурлын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Одоо хэрэг нь шалгагдаж байгаа хүмүүс, тэр тусмаа “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг энэ сонсголд оролцуулах хэрэгтэй. Өнөөдөр шүүхээр шийтгэгдэж буруутан болоогүй учраас хуулиар хязгаарласнаас бусад хэмжээнд мэдээлэл өгөх боломжтой гэж бодож байна. Ингэж байж ард түмэн бодит мэдээлэл авна. Ингэхгүй бол цар хүрээг нь хумьсан, бэлтгэсэн мэдээллийн хүрээнд сонсгол болох магадлалтай” гэлээ.