Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 15:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал үүсэж тээврийн хэрэгслийн эрчим удааширсан. Үүний шалтгааныг
СХД-ийн нутаг 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. Мөн тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн,
Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон,
Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан,
ХУД-ын ХААИС-ийн зүүн тал, БГД-т ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссон зэргээр тодорхойлсон юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.
Багшийн дээдийн уулзварын урсгалыг түр хаасан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах; гэсэн заалтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэв.
Тодруулбал Багшийн дээдийн уулзварт зүүнээс баруун чиглэлд зорчих урсгалыг цагдаагийн албан хаагчийн машин хааж зогссон. Ийн нэг урсгалын хөдөлгөөнийг түр хаахад Бага тойруу буюу хойд замын хөдөлгөөн сийрэгжиж эхэлсэн байна. Гэхдээ иргэд шаардлагыг биелүүлээгүйн улмаас уг арга хэмжээ 12 минут үргэлжлээд зогссон байна.
Мөн ХУД, БГД-т шалтгаан тодорхойгүйгээр ачааны автомашинууд цаг 30 минут, нөгөө нь 40 минут зам дээр зогссон. Улаанбаатар хотод том оврын ачааны автомашинд эвдрэл гэмт үүсэхэд шууд зам дээрээс шилжүүлэн авч явах тээврийн хэрэгсэл байхгүй тул хүлээхээс өөр аргагүй байдалд хүрсэн хэмээн Тээврийн цагдаагийн албаны замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Гомбосүрэн хэллээ.
Өчигдөр цагдаагийн албанд нийт 438 зам тээврийн ослын дуудлага ирсэн нь өмнөх өдрүүдийнхээс 25.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Хотын замын хөдөлгөөнд 110 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчиход хөдөлгөөний хурд удааширч эхэлдэг.
Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх тусам хөдөлгөөний хурд саарч, 400 мянга орчим тээврийн хэрэгсэл нэгэн зэрэг зорчих тохиолдолд тэг зогсолт болдог аж.