Төв аймгийн Эрдэнэсант суманд малдаа яваад төөрч, сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ.
Энэ талаар ОБЕГ-аас “Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн Угалзат гэдэг газар, сумын харьяат малчин арваннэгдүгээр сарын 9-ний 18:00 цагийн орчимд айлын хотонд малаа хотлуулаад дөрвөн километр зайтай гэр рүүгээ явганаар яваад сураггүй болсон дуудлагыг 23:03 цагт хүлээн авсан.
Эрдэнэсант суманд ажиллаж байгаа тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ахмад М.Эрдэнэсайханаар ахлуулсан алба хаагчид 73 настай, малчин эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.
Эрлийн дүнд арваннэгдүгээр сарын 10-ны 01:30 цагт тухайн малчныг гэрээс нь хойд зүгт дөрвөн километрт төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн” хэмээн мэдээлэв.
Төв аймгийн Эрдэнэсант сум хамгийн их цастай байна.
Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөлөө.