Өчигдөр Их 20 (G20)-ын бүлгийн гишүүн орнуудын удирдагчдын виртуал чуулганд оролцсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эхлүүлсэн дайнаа зогсоох хүсэлтэй байгааг илэрхийлжээ.
Путин уг дайныг эхэлснээс хойш анх удаагаа Их 20-ын чуулганд оролцож байна.
“Мэдээж, байлдааны ажиллагаа үргэлж эмгэнэлтэй байдаг. Тиймээс бид энэ эмгэнэлт үйл явдлыг хэрхэн зогсоох талаар бодох хэрэгтэй байна. Ташрамд хэлэхэд Орос улс Украинтай энхийн хэлэлцээр байгуулахаас хэзээ ч татгалзаж байгаагүй” гэж тэр энэ үеэр хэлжээ.
Путин энэ үгээ дэлхий нийтийн сонорт хүргэх зорилготой хэлсэн нь тодорхой. Магадгүй энэ нь дайн эхэлснээс хойш түүний илэрхийлсэн хамгийн аядуу зөөлөн байр суурь байх. Өмнө нь тэр үргэлж АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудын бүтэлгүйтэл санаархал, дайсагналын талаар ярьдаг байсантай харьцуулбал энэ нь нэлээд өөр өнгө аяс агуулж байна.
Путин бас энэ удаа Кремлийн албан ёсны нэр томьёо болох “цэргийн тусгай ажиллагаа” биш, дайн гэсэн үгээр Украинд өрнөж буй үйл явдлыг нэрлэсэн нь анхаарал татаж байгаа юм.
“Энэ дайнд, хүмүүсийн үхэлд цочирдохоос өөр арга байхгүйг би ойлгож байна” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.
Украин болон Өрнөдийн холбоотнууд нь эзлэгдсэн газар нутгаа бүрэн чөлөөлж, Оросыг дайнд ялахаа амлаж байгаа.
Гэхдээ энэ оны дундуур Украины армийн эхлүүлсэн сөрөг давшилт төдийлөн амжилт олоогүй байна.
2014 онд эзлэгдсэн Крымийн хойгийг оролцуулаад Оросын тал Украины газар нутгийн 17.5 орчим хувийг хянаж байгаа гэсэн тооцоог Харвардын Кеннедийн сургуулийн Белфер Төв сүүлд гаргажээ.
Путин өмнө нь Энэтхэгийн Шинэ Дели, Индонезын Нуса Дуад болсон Их 20-ын чуулгануудыг алгасаж, гадаад хэргийн сайд Сергей Лавровыг өмнөөсөө илгээж байв.
Цар тахлын улмаас 2020, 2021 онуудад тэр Москвагаас видео холбоогоор оролцож байсан юм. Түүний хамгийн сүүлд биеэр оролцсон Их 20-ын чуулган нь 2019 онд Японы Осакад болжээ.
Эх сурвалж: Reuters