Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.29) хуралдаан 11 цаг 39 минутад гишүүдийн 56.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тус Комиссын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлаас хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулж байгааг тэрбээр тэмдэглэв.
Сүүлийн үед гарсан хүний эрхийн, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудаар Хүний эрхийн Үндэсний Комисст тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллан, тус Комиссын гишүүдтэй уулзалт хийсэн талаараа Улсын Их Хурлын дарга хэллээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй хийсэн уулзалтуудаас тодорхой санал гарсан байна. Үүнд үндэслэн тус Комиссын дарга Ж.Хунангаас Улсын Их Хурлын даргад хүсэлт ирүүлснийг дурдаад Г.Занданшатар дарга Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.
“Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” гэжээ.