Нүүрсний сонсголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр ирэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдад хүсэлт ирүүлжээ. Тэрбээр энэхүү хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулж өгөөрэй гэснийг өнөөдөр түүний эгч сайд Б.Энхбаярт гардуулж өгөв.
Уг хүсэлтэд:
“Б.Ганхуяг миний бие таны зохион байгуулсан нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан гэж ойлгосон. Тиймээс өнөөдрийг хүртэл намайг дуудаагүй байгаа тул би өөрийн биеэр орох хүсэлтийг дамжуулж байна. Энэ хүсэлтийг минь хангаж өгнө үү. Би одоо Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дээр таны сонсголд оролцуулах хариуг хүлээгээд сууж байна” хэмээн бичсэнийг эгч нь уншлаа.
Хүсэлтийг хүлээн авсны дараа сонсгол даргалагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Арваннэгдүгээр сарын 27-нд Түр хороо хуралдаж, эхний сонсголд 178 хүнийг гэрчээр дуудах тогтоол гаргасан. Уг нэрс дотор Б.Ганхуяг захирлын нэр бий. Түр хорооны тогтоолыг шүүх, прокурорын байгууллагуудад хүргүүлсэн.
Өнөөдөр үдээс хойш яригдах “Эрдэнэс Тавантолгой” компанийн худалдан авах үйл ажиллагааны сонсголд гэрчээр дуудагдсан. Прокурорын байгууллагаас энэ асуудлаар шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байгаа гэсэн хариу ирсэн. Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, иргэн хэнбугай ч хөндлөнгөөс оролцохыг хориглосон заалттай.
Шүүхийн шийдвэрийг УИХ, Засгийн газрын гишүүн, УИХ-ын бүтцийн байгууллага хүчингүй болгох, өөрчлөх эрх байхгүй буюу шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа учраас хэн ч өөрчлөх боломжгүй гэдэг хариу ирсэн.
Би шүүхийн шийдвэрийг өөрчилдөг хүн биш. Хэрэв өөрчилбөл би эрүүгийн хариуцлага буюу гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно. Үндсэн хууль зөрчсөн гэдгээрээ огцрох нөхцөл байдал руу орно.
Тодорхой хүн, хэрэг учрал, нүүрсний сонсголтой холбоотой процесст нөлөөлөх гэсэн санаархлыг хүлээж авахгүй” хэмээн хэллээ.