Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр нийтийн тээврийн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Тэрбээр “Дулаан автобустай бол хүн бүр л нийтийн тээврээр зорчино. Мөн автобус зорчих нэгдүгээр эгнээг чөлөөлж, хөдөлгөөн зохицуулалтыг ухаалаг системээр шийдэх шаардлагатай байна.
Нийтийн тээврээр үнэгүй зорчдог ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автобусны картыг бүртгэлжүүлж, өдрийн турш тодорхой лимиттэй зорчдог болгоно. Илүү зорчилтын төлбөрөө өөрсдөө төлнө.
Ирэх жил 465 автобус нийтийн тээврээс хасагдаж байгаа. Гэтэл 2009 онд орж ирсэн автобуснуудын төлбөрийг нэг ч компани буцаан төлөөгүй. Тиймээс энэ удаагийн парк шинэчлэлээр гэрээгээ шинэчлэн байгуулж, зээлийн эргэн төлөлтийн графикаа гаргаж, өмнөх өр төлбөрөө төлөх ёстой. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлөөд лизингээр автобус авах боломжтой. Шинээр оруулж ирсэн 10 гаруй автобусны шил, цонхыг хагалсан асуудал гарсан. Тиймээс урьдчилгаа барьцаа заавал авна” гэв.