Атлантын далайн Исланд арал улсын баруун өмнөд эргийн Рейкьянес хойгт оршдог галт уул олон хоногийн өмнөөс идэвхэжсэн юм. Тэгвэл уг уул орон нутгийн цагаар Даваа гарагийн 22:17 цагт дэлбэрч эхэлсэн тухай Исландын албаныхан сая мэдээлжээ.
Галт уулд ойр оршдог Гриндавик загасчдын тосгоноос 4,000 орчин хүнийг нүүлгэн шилжүүлж, ойролцоох “Blue Lagoon” газрын гүний дулааны рашааныг хаажээ.
Исландын нийслэл Рейкьявик хотод ойрхон оршдог энэ нутагт аравдугаар сарын сүүлчээс эхлэн бага хэмжээний газар хөдлөлтүүд бүртгэгдэж эхэлсэн юм.
Эргийн хамгаалалтын албаны нисдэг тэргийг галт уулын дэлбэрэлтийн нөхцөл байдал, хамрах хүрээг тогтоохоор гамшгийн бүс рүү илгээсэн тухай Исландын цаг уурын алба мэдээлжээ.
Эх сурвалж: BBC