Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх 10 давхар орон сууцны дөрөвдүгээр давхарт гал гарсан тухай дуудлага өнөөдөр буюу 19-ний 07:02 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраасан бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Энэ харамсалтай ослын талаар ОБЕГ-аас тодруулахад, Дуудлагын дагуу аврагчид очиход таван иргэн нас барсан байсан. Аврагчид ослын газарт ажиллаж байх үед нэг алба хаагч, дахин нэг оршин суугч угаартаж, харамсалтайгаар амиа алдсан.
-Гацуур модны чимэглэлээс гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилан мэдээллийг ЦЕГ-аас өгсөн байна. Энэ нотлогдсон уу?
-Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаа, прокурорынхон ажиллаж байна.
-Нэг айлд гал гарсан уу?
-3-4 айл галд өртсөн байж болзошгүй. Чухам хэдэн айл өртсөнийг цагдаагийн байгууллагынхан тогтооно гэв.